Арванзургадугаар бүлэг
Жагсагчид "Дэлбэлэгч -1"-ийн гишүүдийг одоо болтол өмгөөлөгчидтэй нь уулзуулаагүй хорьж байгааг эсэргүүцэн, хуулийн дагуу шүүн таслахыг шаардаж байлаа. Тэднийг бусдаас онцгойлон хатуу хандалгүй олгогдсон эрхийг нь эдлүүлэх ёстой гэх мэтийн бичгүүдийг жагсагчид гартаа барьж, бүгд амандаа маск зүүсэн байгааг эргэн тойронд нь явж байгаа хүмүүс сонирхон зогсож бага багаар нэмэгдсээр байв. Хэн нэгэн нь жагсаалд нэгдэхийг хүсэхэд тэдэнд тэр дор нь цагаан маск олгон жагсаалдаа нэгтгэж байв. Жагсагчдын тавьж байгаа шаардлагыг зүйтэй хэмээн сонирхон зогсож байгаа хүмүүсийн ихэнх нь дэмжих ажээ.
Тэртээд цагдаагийн эргүүлийн машин дохио хангинуулан наашлахад сонирхогчдын ихэнх нь замаа хөөн одож, цөөхөн хүн үлдэн юу болохыг ажиглан зогсож байв. Эргүүлийн машинууд ар араасаа цувран ирсээр бараг жагсагчдаасаа илүү тооны цагдаа нар хүрч ирлээ. Урдчилан зөвшөөрөл аваагүй болохоор та бүхний жагсаалыг тараахаас өөр арга алга гэж тун эвтэйхэн тайлбарлаж хэлсэн болохоор жагсагчид бага зэрэг эргэлзсэн хэдий ч гэр бүлээрээ дэмжихээр ирсэн нэгэн настай эмгэн хүү минь бид чинь жагсаал хийгээгүй зүгээр л үзэл бодлоо илэрхийлэхээр цугларсан хүмүүс шүү дээ. Байрны маань урдах сандлуудыг хуу татан авч барилга барихаар зэхэж байсан хүмүүсийг зогсоож чадсан ач буянтай хүүхдүүд байгаа юм, энэ хүмүүс чинь бүгд манай байрных гэж санаадгүй хэлтэл хажууд нь чимээгүй сонсож байсан цагдаагийн түрүүч эмээ минь зөвхөн ингэж хэлснийхээ төлөө та ганц худагт ач буянтай хүүхдүүдтэй очиж уулзаж магадгүй юм шүү хэмээн хорсолтой дуугаар сүрдүүлжээ.
Цагдаа нарын дунд бас өөр бодолтой хүмүүс байсан тулдаа тэрхүү маргааныг намжааж чадлаа. Та бүхний өнөөдрийн жагсаал тэдгээр хүмүүсийн хэргийг улам хүндрүүлэхэд нэмэр болоод зогсохгүй, баривчлагдах хүмүүсийн тоог ч нэмэгдүүлэхэд хүргэж магадгүй хэмээн тайлбарласнаар жагсагчид чимээ аниргүй тархан оджээ. Гэхдээ тэд нар бүгд цагдаагийн хяналтанд орж, хэрэгт холбоотой эсэхээ шалгуулж эхэлсэнээ өөрснөө ч олж мэдсэнгүй.
Маргааш өдөр тутмын бүх сонин дээр амжилтгүй жагсагчдын тухай мэдээ нийтлэгдсэн байв. Бас интернэт вэб сайтууд дээр ч гэсэн тэдний тухай мэдээлэл нийтлэгдсэн байх бөгөөд хоромхон хугацаанд асар олон сэтгэгдэл үлдээсэн нь ихэнх нь "Дэлбэлэгч -1"-ийг эргэн ирэхийг хүссэн, бас түүнд баярлаж байгаагаа илэрхийлсэн, дэмжсэн сэтгэгдлүүд байлаа.
Үдээс хойш нэгэн шинэ вэб сайт нээгдсэн байлаа Мөрөөдлийн "Дэлбэлэгч -1" гэсэн хаягтай тэрхүү сайтад "Дэлбэлэгч -1"-ийн бүх үйл ажиллагааг дэмжиж байгаагаа дурдсан мэдээлэл нийтлэгдсэн байв. Тэрхүү мэдээллийг уншсан хүмүүс доор нь мөн л олон сэтгэгдэл үлдээсний ихэнх нь захиалга өгөхийг хүссэн гуйсан сэтгэгдэлүүд байв.
Хүүхдийн маань сургуулийн хашаан дотор барилга барихаар хашааг нь нураасан байна сануулга өгөөч дэлбэлэгчээ, зуслангийн маань ганц худаг нь байдаг уулын энгэрийг тэр чигээр олон зуун метр газар хэн нэг нь хашаа хатгаж эхэлжээ туслаач дэлбэлэгчээ, манай байрнаас бараг 10 метрийн зайнд газар ухаж эхэлж байна байр маань нурчихна шүү дээ эднийг болиулаач дэлбэлэгч ээ гэсэн сэтгэгдлүүд ар араасаа бичсэн ажээ.
Гэтэл тэдний цорын ганц найдвар болсон "Дэлбэлэгч -1" нь ганц худагт хатуу ширүүн байцаалтан дунд байсан хэдий ч, хүмүүс тэднийг дахин гарч ирж үйл ажиллагаа явуулна хэмээн найдан хүлээсээр л. "Дэлбэлэгч -1" тэдний хувьд шударга үнэнийг тогтоох сүүлчийн найдвар нь болжээ.
Яг энэ мөчид бүтэн дөрвөн цаг тасралтгүй үргэлжилсэн нэгэн хагалгаа амжилттай дуусан хэн нэгэн нь хагалгааны дараах тасагт хүргүүлэн аажмаар сэхээ орж байлаа. Энэ бол "Дэлбэлэгч -1"-ийг үүсгэн байгуулсан мөнөөх залуу Солонгосын алдартай хувийн эмнэлгэд нууцгайхан нүүр хувилгах мэс засалд ороод мэдээ орж эхэлж байгаа нь энэ ажээ. Тэрээр бушуухан боолтоо авч өөрийн "Дэлбэлэгч -1"-ийн тухай юу болж буй бүх мэдээ мэдээллийг чин үнэнээр нь хүлээн авахыг тэсэн ядан хүлээж байв. Хэн баригдсан, бас хэн баригдаагүй бол. Одоо би дахин юу хийх вэ, юу...
Сургууль төгсөх дөхсөн гурван оюутан хичээлийнхээ танхимаас интернэтэд холбогдон бараг бүтэн цагаар ажлын байр хайж урам нь хугарсан байлаа. Физикийн факультетийн хамгийн шилдэг гурван оюутанд ажлын ямар ч байр олдоогүй нь энэ аж. Оролдого мэрийлт, санаанд оромгүй туршилтуудаараа багш нараа гайхшруулдаг байсан эдгээр залуусыг амжилтанд хүргэх мэргэжлийн ажлын үртэс ч олдоогүй байв. Тэд удахгүй сургууль төгсөнө. Хаа нэгтээ арван жилд багшлах, эсвэл электрон барааны дэлгүүрт худалдагчаар шалгуулах л зам үлдэж байв. Хүрээлэнгүүд, төслүүдэд ухаантан бус танил талтай хүмүүс л шургалж чадна.
Хүний эрхийн байгууллагууд "Дэлбэлэгч -1"-д санаа тавьж эхлэв, тэд хоригдож байгаа хүмүүсийн эрүүл мэндийг шалгах, байцаалтын үед хүч хэрэгдэх асуудал гарч байгаа эсэхийг шалгахыг хүсч эхэллээ. Тэдний одоо хүртэл өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй байгаа нь хуульд харшилсан хэрэг хэмээн хэвлэл мэдээллээр дуугарч эхэллээ. Нийгэм "Дэлбэлэгч -1"-ийг хүлээж байсан ажээ, одоо тэд хамгаалахаар чадан ядан оролдож эхлэсэн нь энэ.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: