Арвангуравдугаар бүлэг
"Дэлбэлэгч -1" хэний хөрөнгөөр туйлан үнэтэй тэсрэг бөмбөгүүдийг ашиглаж байсан нь цагдаагийнхны хүрээнд ил гарсан ч гэсэн ажиллагаа дуусах хүртэл нийтэд огт зарлаж болохгүй хатуу тушаал гарчээ. Энэ тушаал ам дамжин тархаж орхидог бусад нууц тушаалаас эрс өөрөөр хэрэгжлээ. Маргааш өглөө хэний ч байшин дэлбэрч орхиж мэдэх эгзэгтэй нөхцөлд байгаагаа хүн бүр ухамсарлан ойлгож байсан болохоор тушаалд хүн бүр хариуцлагатай хандаж байв. Энэ шөнө "Дэлбэлэгч -1"-ийн зохион байгуулагч, санхүүжүүлэгчид зориулан шуурхай ажиллагаа зохион байгуулсан хэдий ч ам мөлтөс хожигдсон байснаа тэд сүүлд нь ойлгосон билээ.
Эхний хүмүүсийг баривчласан даруй нүдний шилтэй даруухан залуу бээжин зорин яаруухан нисэн одсоныг хэн ч сонирхсонгүй. Ганцхан гар тээшээс өөр зүйлгүй залуу эр бээжингээр дамжаад солонгос улсыг чиглэн нисэж байгааг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй байв. Тэрээр "Дэлбэлэгч -1" нэгийг гаргаж ирэх гэж хэдэн сараар нууцаар бэлдсэн шигээ хэрэг буруугаар эргэж болох анхны сэжмээр өөрийгөө бүхнээс чөлөөлөн авч гарах нарийн төлөвлөгөөг гаргажээ. Түүний халаасанд байх хоёр өөр овог нэр бүхий гадаад паспорт дээр зургаас бусад бүх мэдээлэл нь худлаа байх хэдий ч солонгос улсыг зорих виз аль хэдийнэ нэг паспортон дээр нь дарагдсан байх ажээ. Энэ хүн дамжин нисэх онгоцны билет, очоод байрлах буудлын захиалгаа хүртэл хийсэн төдийгүй, баргийн хүн үйлчлүүлдэггүй нэртэй эмнэлэгт цаг авч амжсан байх нь тэр.
Маргааш өглөөний бүх нислэгт хатуу хяналт тавьж, нэгэн овог нэр бүхий этгээдийг яаралтай эрэн сурвалжилж эхлэсэн ч өөрийн овог нэртэй паспортоо хогын саванд урж хаяад, өөр нэрээр хил даван одсон эрхэмийг дахин харахаас нэгэнт өнгөрсөн байлаа. Гагцхүү "Дэлбэлэгч -1" үүсэхэд ямар хүчин зүйл нөлөөлсөн тухай үндэслэл бүхий таамаг л цагдаагийнханд үлджээ. Түүнийг олон улсад эрэн сурвалжилахаар болсон ч амжилт олно гэдэгтээ эргэлзэж байв.
Тэрээр зах зээл дөнгөж эхлэх үеэс эхлэн хувийн бизнест хөл тавьсан нэгэн арав гаран жил зүтгэсний эцэст нилээдгүй томоохон компанийг хөл дээр нь зогсоож чадсан байв. Ирээдүйд газрын наймаа ихээхэн үнэд хүрнэ гэдгийг таамаглаж чадсан тэрээр нийслэлд хэд хэдэн байрлал сайтай газрыг өөр болгож амжсан ажээ. Барилгын бизнес ид амжилттай хөгжиж байх үед өөрийн болгож амжсан гурван ч газраа амжилттай худалдаалж, хамгийн байршил сайтай хийгээд том талбайтай газраа өөртөө үлдээн худалдаан үйлчилгээний томоохон цогцолбор барихаар гадны хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл байгуулахаар ярилцан, хэрэг явдал нааштайгаар эргэж байсан үед гэнэтийн нэгэн шийдвэрийг олж мэдсэн нь түүнийг ихэд гайхшруулжээ.
Нилээдгүй олон сая төгрөгийг эрх мэдэл бүхий хэд хэдэн албан тушаалтаны халаасанд шургуулан байж, хэдэн жилийн өмнөөс өөрийн болгон хашаа барин хадгалж ирсэн түүний газрыг өөр нэгэн этгээдэд эзэмшүүлэхээр давхар шийдвэр гарсан байсныг хашааг нь нурааж байсан хэдэн этгээдээс олж мэдээд галзууртлаа уурлажээ. Тэрээр өөрийн ажилтнуудаа дуудан хашаагаа буцаан барихыг тушаагаад энэхүү давхар эзэмшлийн тушаалыг гаргасан эрхэмтэй уулзахыг хичнээн ч хичээгээд түүнээс зугтан олдохгүй байлаа. Энэ хооронд шаардсан мөнгийг нь өгөн байж гарын үсгийг нь цуглуулсан өнөөх хэдэн нөхөдтэй уулзахад шинээр томилогдсон эрх бүхий этгээдийг гаргасан шийдвэрт нөлөөлж огтхон ч чадахгүйгээ дурдан, захирамжийг гаргуулсан компанийн захиралтай уулзахыг л зөвлөхөөс өөрөөр туслаж чадахгүйгээ хэлцгээж байв. Бүгд л амин хувиа хичээсэн маягтай байсан төдийгүй зарим нь дахин олгосон газарт гар бие оролцон мөнгө авсан байх магадлалтайг тэрээр ядах юмгүй олж мэджээ.
Түүний хөрөнгийг зүгээр нь нэг дээрэм маягаар салгаж авч байгааг ойлгосон даруйдаа мөнөөх газрыг эзэмшилдээ авахаар улайран буй этгээдтэй уулзсан хэдий ч цаадах нь дааж давшгүй их мөнгө нэхэж гарав. Энэ газрыг эзнээс нь худалдан авсан болохоор түүний нэр дээр захирамж гаргахад саад болох хүнгүй гэж баталж байгаад их хэмжээний мөнгөн дүнгээр уг захирамжаа олж авсан хэмээн шинэхэн эзэн тайлбарлалаа. Захирамж гаргуулахдаа гаргасан зардлаа буцааж авахгүйгээр найр тавих хүсэлгүй гэдгээ эвтэйхэн түүнд ойлгуулсан ч гэсэн чи одоо яаж ч чадахгүй гэсэн дээрэнгүй байдал цаанаа л нэг илэрхий харагдаж байв. Ашигтай байрлал бүхий томоохон газрыг нь түүний эзэмшлийнх гэж мэдсэн хирнээ зүтгэсээр байгаад давхар захирамж гаргуулж чадсан гэдгээ бардам байдлаараа илтгэж байгааг тэрээр ойлгохыг цаагуур ойлгоод яриагаа дуусган бослоо.
Одоо энэ хоёр захирамжийн аль нэг нь хуулийн дагуу хүчингүй болох ёстой. Харин хууль хэнийх нь талд үйлчлэх юм бол.

Сэтгэгдэлүүд:
Khishig уучлал хүсье. харин тийм захирамж мэр сэр бий
tomegch нэгэн хамтлагын би буруутай дууг зориулая
odko.B би ч бас мөн ч их саналаа та нарыг гэж
chin_xusel хэхэ нээрэн би их хүлээлгэсэн бололтой уучлал гуйж байна аа
Part1zaN харин тиймээ, чиний яачив гэсэн сэтгэгдлийг уншаад би мөн ч их санаа зовсондоо
sweet баярлалаа найздаа, хичээнээ, чи нэрийг хараад л баярлачихлаа
gorzook за уучлаарай л даа, хэхэ тэгээд нэг дор 2 бүлэг уншчих
bujigchin их баярлалаа
Чи шүү. Амжилт
Tsomo ай харин тэглээ
altargana харин тиймээ, өчигдрөө мартчихдаг юм шиг байгаа юм
ppp баярлалаа, сонинд зараад үүүзэээрээээй хэхэ
Би хүний хэлсэн түүхийг бус өөрөө олон хоногоор бодон байж туурвидаг ч гэсэн амьдралаас урган гардаг болохоор тэгж санагдах хүн зөндөө байгаа бизээ. баярлалаа
Сэтгэгдэл үлдээх: