Аравдугаар бүлэг
Сэжигтэйд тооцогдсон 11 хүний нэрсийг ердөө есхөн хүнээс бүрдсэн тусгай группынхан мэдэж байлаа. Энэ тухай шалгаж эхэлсэн тухай мэдээллийг хэвлэл мэдээллийнхэн бүү хэл, цагдаа нар ч дотроосоо огт таамаглахгүй байгаа ажээ. "Дэлбэлэгч-1" мэдээлэл сайтай, нарийн зохион байгуулалттай болохоор нэг л сэжиг авсан бол тэдний сэжиг таамгийг батлагдахаас нь өмнө хэргийг хааш нь эргүүлж магад гэж болгоомжилж байгаа учраас, дээд зэрэглэлийн нууцад тооцон дотоодоосоо хүртэл чандлан нууцалсан шуурхай үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ.
Өнөөх арван нэгэн хүний бүхий л мэдээ мэдээллийг ердөө тавхан хоногт багтаан шалгаж дууссаны дараа сэжиг таамаг бүхий 5 хүн дээр анхаарлаа хандуулжээ. Анхаарал татах нь ч зүй ёсны мэт санагдаж байв. Энэ таван этгээд бүгд ажилдаа сайн, ур чадвар өндөртэй боловч ар гэрийн амьдрал тааруу хүмүүс байсан хэдий хоёр хүн нь цалинг нь дахин нэмж олгоё гэсээр байтал зүтгэсээр байгаад ажлаасаа гарсан байжээ.
Тэдний тухай бүх л мэдээллийг найз нөхөд, хамаатан садангаас нь уран аргаар олж мэдэхэд бүтэн 5 өдрийг зарцуулсан нь тэр аж. Тэдний нэг нь саяхан таарсан найздаа зусланд сахиул хийж байгаа хэмээн ярьсан нь тусгай группын сонирхлыг ихэд татан сэжмийн гогцоог атгуулах мэт болов. Дөнгөж гучин долоон настай залуу гэнэт яагаад буйдхан газар сонгон авч гэр бүлээрээ зуслангийн сахиул хийж байгаа билээ. Лавшруулан шалгахад сахиул хийж байгаа нь үнэн байсан хэдий ч эхнэр нь нилээдгүй үнэтэй машин хөлөглөн өглөө бүр охиноо хичээлд нь хүргэж байгаа нь илэрчээ. Нөхөр нь гэрээсээ гарахгүй л байв. Энэ залуу гэр бүл ямар учраас буйдхан газарт сайн дураар бүгсэн хийгээд хэний машиныг унаж хүүхдээ хичээлд нь хүргэж байгаа нь тун удахгүй тэдэнд тодорхой болж ирэв.
Сэжигтнээр тунаж үлдсэн 5 хүнийг гуравхан хоногт багтан бараг амралтгүй нарийвчлан шалгаж дууссан тэр өдөр "Дэлбэлэгч-1" дахин нэг барилгад мэдэгдэл наасан байхыг өглөө эрт олж мэджээ. Зургаан давхар барилга барихаар тооцоод дөнгөж нэгдүгээр давхар нь өрөгдөж буй шинэхэн барилга дээрээс "Дэлбэлэгч-1"-ийн хугацаа заасан мэдэгдэл олдсон мэдээ салхинаас хурдан тархаж байв. Харин мэдэгдэл олдсон барилгын гадна хэдэн хүмүүс зогсон үе үе инээлдэн алга таших бөгөөд түүнийг харсан хүмүүс нэмэгдэж ирсээр нилээдгүй хэдэн хүн цугларчээ. Гайхалтай нь өнөө маргаашгүй дэлбэрэх ээлжээ хүлээн байгаа шинэхэн барилгын дэргэд зогсох хүмүүс бүгд инээлдэн байж, үе үе барилгачдад хандан алга таших нь галзуурсан болов уу гэмээр.
Хүүхдийн тоглоомын талбайг нь хашин том банзан хашаа барьж, маргааш нь кран авчран цутгамал төмрөн тоглоомуудыг огло татан хаяж, хуучны төмөр гулгуурыг хажуу тийш нь гулдран татсаар хашааны гадна гарган хаясан эрх мэдэлтний компанийн шинэхэн барилгад энэ удаагийн "Дэлбэлэгч-1"-ийн мэдэгдэл очсон нь тэр байжээ. Хичнээн ч удаа хашааг нь хуу татан авах гээд дийлэлгүй байсаар хүүхдийн тоглоомын өмгөрхөн талбайгаа алдсан хүмүүс дүүргийн газрын алба, нийслэлийн газрын алба хүртэл албан бичиг өргөөд ч тоож үзэх хүмүүс байсангүй.
Хашааг нь шөнөд нь хуулаад байсан хэдэн хүмүүсийг бүхэл бүтэн хоёр хамгаалалтын албаны залуусыг хөлслөн зад нүдүүлж орхисны дараа барилгаа эхлүүлж байсан түүхтэй байв. Байрныхан ингээд яаж ч чадалгүй хий дэмий цонхоороо хараал чулуудан, хүүхэд хөгшидгүй нарлан суудаг жижигхэн талбайгаа харсаар алджээ. Гэтэл өнөөдөр алдарт "Дэлбэлэгч-1" тэдний зовлонг нүдээр үзсэн мэт сүндэрлэн босохоор дөнгөж гараагаа эхлэж буй энэхүү барилгын гадна өөрийн сануулгыг хадсан нь оршин суугчидыг хэмжээгүй ихээр баярлуулсны улмаас тэд үе үе алга ташин баяр хөөр дүүрэн барилгыг харж зогсоцгоож байв. Тун удахгүй энэ барилга үнс нурам болон хийсэн одож, тэд өөрийн хөрөнгөөр ч хамаагүй дахин тоглоомын талбай босгохдоо л босгоно.
Харин цагдаагийнхан энэ удаагийн дэлбэлэх ажиллагааг ямар ч хамаагүй үнээр зогсоохыг хүсч байв. Ямар ч хамаагүй аргаар.

Сэтгэгдэлүүд:
huleegeed suuj bainaa
Харин тиймээ буруутай, буруугаа хүлээгээд бушуухан оруулах болноо????????????????? hatuu nehej bn uu???
Сэтгэгдэл үлдээх: